Blog - Latest News

ХАРАА ЗАСАХ ЭКСИМЕР ЛАЗЕРЫН МЭС ЗАСЛЫН ТУХАЙ

      LASIK буюу (laser-assisted in situ keratomileusis) гэдэг нь нэг төрлийн хараа засах мэс засал бөгөөд энэ нь хасах хараа буюу myopia, нэмэх хараа буюу hyperopia, хугарлын гажиг буюу astigmatism –ийг засдаг. Хараа засах эксимер лазерын мэс заслыг тусгайлан бэлтгэгдсэн нүдний эмч лазерын тусламжтайгаар хийдэг бөгөөд энэхүү мэс заслыг хийлгэснээр харааны шил, контактный линз зүүдэг хүн эдгээрийг зүүх шаардлагагүй болдог юм.
    Бид хараа засах эксимер лазерийн технологиудийн хамгийн шилдэг нь болох АНУ-ын VISX Star S4 технологийг нэвтрүүлээд 10 гаран жил болж байна, мөн 2016 оны 9-р сард Германы алдарт CARL ZEISS компанийн MEL80 эксимер лазерыг ашиглаж байна.
      2018 оноос Femtosecond Laser буюу i-LASIK -ийг хийдэг болсон. Ингэснээр хүний нүдэнд мэс хүрэхгүй бүх ажиллагааг лазераар хийдэг болсон гэсэн үг юм.
Маш олон хүмүүс энэ мэс заслын талаар лавладаг билээ. Эдгээр асуултуудад хариу болгоход:
1. Танайх энэ хагалгааг хийдэг үү?
– Бид энэ мэс заслыг хийгээд 10 гаруй жил болж байна.
2. Шинжилгээ, оношилгоогоо хэзээ хийлгэх вэ? Төлбөр нь хэд вэ?
– Та ажлын өдрүүдэд өглөөний 8.30 цагаас 16.00 цагийн хооронд ирж шинжилгээ, оношилгоо, үзлэг хийлгэнэ. Одоогоор урьдчилан цаг авах шаардлагагүй байгаа. Оношилгооны төлбөр 75000 төгрөг байдаг.
3. Шинжилгээ оношилгоонд орохын өмнө юу бэлтгэх вэ?
– Та шинжилгээ, оношилгоо хийлгэхээр ирэхдээ тухайн өдрийнхөө ажлыг сайн зохицуулсан байвал зүгээр. Учир нь шинжилгээ хийхэд нүдэнд дусаасан эмний нөлөө тухайн өдөртөө 5-6 цагийн дараа гардаг тул жолоо барихгүй ирэх хэрэгтэй, мөн шинжилгээ хийлгэсний дараа компьютер дээр хийх ажлаа зохицуулсан байвал сайн.
– Хэрвээ та байнга контактный линз зүүдэг бол хамгийн багадаа 7 хоног линзээ зүүхгүй байж байгаад ирж оношилгоо хийлгээрэй.
4. Мэс засалдаа хэзээ орж болох вэ?
– Та оношилгоо хийлгээд энэ мэс засалд орж болно гэсэн хариу эмчээс авсан бол хэзээ орохоо өөрөө шийднэ. Манайх 7 хоног бүрийн Лхагва, Пүрэв гарагуудад мэс заслаа төлөвлөн хийдэг. Та мэс засалд орохоор шийдсэн 7 хоногийнхоо Даваа гарагт эмнэлэг дээр ирж лазерын оношилгооны сувилагчид бүртгүүлээд мэс засалд орохын өмнө хэрэглэх дусаалгаа аваад гэрээрээ дусааж байгаад мэс засалдаа орно. Мэс заслын цагийг урьд өдөр нь эмнэлгээс утасдаж хэлдэг болохоор та бидний утасдахыг хүлээгээрэй. Эмээ авахаар ирэхэд манай сувилагч танд мэс засал хийлгэхээр ирэхдээ бэлтгэх зүйлийн талаар зөвлөгөө өгөх болохоор сувилагчаасаа сайн асууж лавлаарай.
5. Мэс заслын төлбөр хэд вэ?
– Мэс заслын төлбөр LASIK – 2 830 000
– Фемто-лазер буюу i-LASIK 4,190,000 төгрөг.
6. Баталгаа өгөх үү?
– Энэ маань нэг төрлийн мэс засал тул тэдэн хувийн ийм хувийн баталгаа өгнө гэсэн ойлголт байхгүй. Харин эрсдэл нь юу вэ, миний хараа хэр хэмжээнд сэргэх юм бэ? Гэж асуух хэрэгтэй. Таны нүдэнд хийсэн олон төрлийн шинжилгээ, 2-3 удаа давтан хараа шалгах, шил тааруулах, нүдний эмчийн үзлэгийн дараа та хамгийн зөв тохирсон шилээ зүүгээд хэдэн хувь харж байна гэдэг нь мэс заслын дараа гарах үр дүн юм. Эмч таныг 80%, 90% харах юм байна гэж байгаа нь хамгийн багадаа лазерын мэс заслын дараа шилгүйгээр харах чадлыг тань хэлж байна гэж ойлгох хэрэгтэй.
– Өндөр хасах, эсвэл өндөр цилиндртэй шил зүүж байсан зарим хүнд мэс заслын дараа дахин хасах шил, цилиндр үүсэх магадлал байдаг тийм тохиолдолд бид нэг удаа төлбөргүйгээр давтан мэс засал хийдэг.
– Та мэс засал хийлгэснээс хойш эмч үзээд дараагийн үзлэгт хэзээ ирэхийг тань хэлдэг, тиймээс та давтан үзлэгтээ ирж үзүүлж, зөвлөгөө авч байх хэрэгтэй гэдгийг зөвлөх байна.
0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Leave a Reply

Copyright 2020 - "Болор мэлмий" эмнэлэг , Хөгжүүлсэн: Towersoft LLC